Дэлхийн соёлын өв Орхоны Хөндийд жил бүрийн 7 дугаар сарын 22-ны өдөр Монгол Элгий урлалын фестивалыг зохион байгуулдаг ба Уг арга хэмжээ нь Монгол Улсын брэнд эсгий урлалыг олон нийтэд сурталчилан таниулах, түүнд түшиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, уламжлалт арга ухааныг хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын салбарыг дэмжих, нутгийн иргэдэд орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Тус фестивалын гол онцлог нь жуулчдын сонирхлыг татаж, тэднийг идэвхтэй байлгах үүднээс тухайн өдрийн бүхий л арга хэмжээнүүдэд жуулчдыг өөрсдийн сонирхлоор хамтарч оролцох, өөрсдийн гараар эсгий урлалын бүтээгдэхүүнүүдийг хийх боломжийг олгодог бөгөөд арга хэмжээний хүрээнд эсгий хийх, хонь хяргах, эсгий ширмэл хийх, утас ээрэх, эсгийгээр төрөл бүрийн гар урлалыг урлахаас гадна бусад олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдгаараа онцлог юм.

